Tuesday, November 19, 2013

Монгол бичийг компьютерт дүрслэх тухай

Кириллээр шууд бичихээс бага зэрэг ялгаатай болохоороо эхлээд маш ойлгомжгүй хүндрэлтэй санагддаг юм. Би ч гэсэн үүнээс болж 2 жил хэрэглэж чадалгүй хямарч явсан, хэхэхэ.
Эдгээр кодууд бол монгол бичиг шиг ийм дүрс нь өөрчлөгддөг бичигт хэрэглэгддэг "үл хэвлэгдэх код" юм. Үүнийг монгол бичгийн дүрсийг тодорхойлоход хэрэглэнэ.
Мөн яг ийм "үл хэвлэгдэх" командууд франц гэх мэт хэлээр компьютерт бичих үед ч хэрэглэгддэг. Тийм учраас огт байдаггүй шинэ ойлголт биш дэлхийн олон бичгийг компьютержүүлэхдээ хэрэглэсээр л байдаг ойлголт гэсэн үг. Хэрвээ өмнө нь Францаар шивж байсан бол амархан ойлгоно  :-) .

Монгол бичгээр компьютерт бичихэд шаардлагатай үл хэвлэгдэх дүрс хянах кодууд
[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
[FVS] - Free Variation Selector ХУВИЛБАР СОНГОГЧ
[ZWJ] - Zero-Width Joiner
[ZWNJ] - Zero-Width Non-Joiner
Хэвлэгддэг дүрс хянагч
[Nirugu] - Монгол бичгийн нуруу

Эдгээр кодууд нь тухайн бичиж байгаа гарыг яаж зохион байгуулснаас шалтгаалан ямар ч товчин дээр байрлуулсан байж болно. Тиймээс бичих гэж байгаа гарынхаа байрлалын зургийг анхааралтай шалгаж үзэх хэрэгтэй!!!

[MVS] - Mongolian Vowel Separator МОНГОЛ ЭГШИГ ТУСГААРЛАГЧ
Үүнийг орхиц бичихдээ хэрэглэнэ өөрөөр хэлбэл үг болон орхиц хоёрын хооронд зай авах биш харин энэ товчийг хэрэглэнэ. Нэг ёсондоо энэ бол орхицын өмнөх зай юм.
Энэ товчийг тухайн монгол бичгийн гарын байрлалыг өрсөн газар болгон аль ч товч дээр аваачсан байж болно гэхдээ үүрэг нь өөрчлөгдөхгүй. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "доогуур зураас" товч дээр оноогдсон байдаг.

[NNBSP] - Narrow No-Break Space ТАСРАХГҮЙ БОГИНО ЗАЙ
Гэдэг бол тийн ялгалын нөхцөлийн өмнө бичигддэг зай авах үүрэгтэй. Тийм болохоор үүнтэй хамт ЗАЙ АВАХ СПЭИС товч дахин дарах ёсгүй. Үүнийг дарсан үед тийн ялгалын нөхцөлүүд титэмгүй шууд гэдэс, шилбээр эхэлж бичигдэх боломжтой болдог. Мөн тийн ялгал үгнээсээ салж мөр шилжихгүй үргэлж үгтэйгээ хамт шинэ мөрлүү үсэрнэ гэсэн үг. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын Дундуур зураас" товч дээр оноогдсон байдаг.

[FVS] бол фонтын дүрэм тухайн үсгийг автоматаар дүрсэлж чадахгүй байгаа үед бичээч өөрөө үсгийн өөр хэлбэрийг сонгоход хэрэглэнэ. Жишээ нь "и"-гийн дараа орсон "г", "х" үсгүүд болон гадаад үгийн монгол үгийг дүрмээс гажиж ордог үсгүүдийг дүрслэхийн тул тухайн үсгийн ард нь оруулж өгдөг үл хэвлэгдэх тэмдэгт юм. FVS нь "FVS1, FVS2, FVS3" гэсэн гурван янз бий. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "давхар хашилт, дан хашилт, долгионтой зураас" товч дээр тус тус оноогдсон байдаг.

[ZWJ], [ZWNJ] -г монголоос гадна эхэн дунд гэж хэлбэрээ өөрчилдөг араб гэх мэт бичигт бас хэрэглэдэг. Үүрэг нь үсгийг дангаар нь үгийн дунд юм уу адагт болон эхэнд ордгоор дүрслэхийн тулд үсгийнхээ өмнө эсвэл хойно нь бичиж өгдөг "үл хэвлэгдэх тэмдэгт" юм. Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "%, * буюу шифт 6 болон 8" товч дээр тус тус оноогдсон байдаг.

[Nirugu] - Монгол бичгийн нуруу нь нурууг урт бичих шаардлагатай үед, товчилсон үг, овгийн нэрийн эхний үсэг, үе болон тоогоор бичсэн тооны нэрийн араас тийн ялгал залгах үедээ салангид сүүл "н" -ийг бичихийн тулд гэх мэт олон зорилгоор хэрэглэх боломжтой Виндовсын стандарт Traditional Mongolian гарыг тохируулсан үед US STANDARD гарын "& буюу шифт 7" товч дээр оноогдсон байдаг.

No comments:

Post a Comment